Зөвлөгөө
8

CSCA гэж юу вэ?

Бичсэн: kishkeets
CSCA гэж юу вэ?

CSCA гэж юу вэ? БНХАУ-д бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутнуудад зориулсан шалгалтын дэлгэрэнгүй мэдээлэл

CSCA (China Scholastic Competency Assessment) нь БНХАУ-ын их, дээд сургуулиудад бакалаврын зэрэгт суралцах хүсэлтэй олон улсын оюутнуудын академик мэдлэг, хэлний чадвар, их сургуулийн сургалтад бэлтгэгдсэн байдлыг үнэлэх стандартчилсан шалгалт юм.

Энэхүү шалгалтыг БНХАУ-ын Төрийн тэтгэлгийн зөвлөл (China Scholarship Council – CSC) зохион байгуулдаг бөгөөд шалгалтын дүнг их, дээд сургуулиуд элсэлт болон тэтгэлгийн сонгон шалгаруулалтад ашигладаг.

Албан ёсны цахим хуудас: https://www.csca.cn

1. CSCA шалгалтыг хэн өгөх шаардлагатай вэ?

2026–2027 оны хичээлийн жилээс эхлэн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагддаг их, дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөрт элсэх олон улсын оюутнуудаас CSCA шалгалтын дүн шаардаж эхэлсэн.

2028 оноос уг шалгалтыг Хятадын их, дээд сургуулиудад бакалаврын зэрэгт элсэх олон улсын оюутнуудад нийтлэг шаардлага болгохоор төлөвлөж байна.

Анхаарах зүйлс:

  • CSCA нь бакалаврын түвшний элсэлтэд хамаарна.
  • Тэтгэлэгтэй болон хувийн зардлаар суралцах өргөдөл гаргагчдын шаардлага сургуулиас хамаарч өөр байж болно.
  • Магистр, докторын элсэлтэд CSCA шалгалтыг нийтлэг заавал өгөх шаардлага гэж үзэхгүй.
  • Элсэхээр төлөвлөж буй сургуулийнхаа албан ёсны шаардлагыг урьдчилан шалгах хэрэгтэй.

2. CSCA шалгалтын хичээлүүд

CSCA шалгалт нь дараах дөрвөн үндсэн хичээлээс бүрдэнэ.

А. Мэргэжлийн Хятад хэл (Professional Chinese)

Хятад хэлээр бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутнуудад зориулагдсан бөгөөд хоёр төрөлтэй.

  • Нийгмийн ухааны Хятад хэл (Humanities Chinese)
  • Байгалийн ухаан, техникийн Хятад хэл (STEM Chinese)

Англи хэлээр бүрэн явагдах бакалаврын хөтөлбөрт элсэгчид мэргэжлийн Хятад хэлний шалгалтаас чөлөөлөгдөнө.

Хятад хэлний бакалаврын хөтөлбөрт элсэгчид хүчинтэй HSK 4 түвшний гэрчилгээтэй бол сургуулийн шаардлагаас хамааран уг шалгалтаас чөлөөлөгдөх боломжтой.

Б. Суурь хичээлүүд (Fundamental Subjects)

  • Математик (Mathematics) — бүх бакалаврын өргөдөл гаргагчдад заавал.
  • Физик (Physics) — сонгох хичээл.
  • Хими (Chemistry) — сонгох хичээл.

Шинжлэх ухаан, инженерчлэл, хөдөө аж ахуй, анагаах ухааны чиглэлийн мэргэжлүүдэд Физик, Хими хоёрын аль нэгийг, эсвэл сургуулийн шаардлагын дагуу нэмэлт хичээл өгөх шаардлагатай байж болно.

Чухал: Шалгалтын хичээлийн эцсийн сонголтыг элсэх сургууль, мэргэжлийн шаардлагад үндэслэн хийнэ.

3. Шалгалтын бүтэц, үргэлжлэх хугацаа

Шалгалтын хичээл

Асуултын тоо Хугацаа Шалгалтын хэл

Мэргэжлийн Хятад хэл      80 90 минут/Хятад

Математик 48 60 минут Хятад / Англи

Физик 48      60 минут Хятад / Англи

Хими 48 60 минут Хятад / Англи

Бүх хичээлийн шалгалт сонгох хэлбэрийн асуулттай бөгөөд хичээл тус бүрийг 100 оноогоор үнэлнэ.

Шалгалтын нэгдсэн тэнцэх оноо байхгүй. Их, дээд сургуулиуд өөрсдийн элсэлтийн шаардлагын дагуу онооны шалгуураа тогтооно.

4. CSCA шалгалтын тов

2026 оны 11-р сарын шалгалт

  • Шалгалтын өдөр: 2026 оны 11-р сарын 14–15
  • Бүртгэлийн хугацаа: 2026 оны 10-р сарын 15–21
  • Бүртгэл: https://www.csca.cn

Дараагийн шалгалтууд

  • 2026 оны 12-р сарын 19–20
  • 2027 оны 1-р сарын 23–24

Бүртгэлийн хугацаа, шалгалтын цаг, зохион байгуулалтын мэдээлэл шинэчлэгдэх боломжтой тул албан ёсны цахим хуудсаас баталгаажуулна уу.

Бүртгэлийн хугацааг Бээжингийн цагаар зарладаг. Монгол Улсын Улаанбаатар хотын цаг Бээжингийн цагтай ижил.

5. Шалгалтын хэлбэр

CSCA шалгалтыг дараах хэлбэрүүдээр зохион байгуулдаг.

  1. Онлайн шалгалт: Гэрээсээ компьютер ашиглан, цахим хяналтын дор өгөх.
  2. Компьютерын шалгалт: Зөвшөөрөгдсөн шалгалтын төвд очиж өгөх.
  3. Цаасан шалгалт: Тухайн бүс нутагт зохион байгуулагдсан тохиолдолд шалгалтын төвд өгөх.

Шалгалт өгөх боломжтой хэлбэр болон шалгалтын төвийн мэдээллийг бүртгэлийн системээс шалгана.

1.     CSCA шалгалтад бүртгүүлэхэд бэлтгэх зүйлс

·        Windows үйлдлийн системтэй зөөврийн компьютер

  • Хүчинтэй цахим шуудангийн хаяг
  • Хүчинтэй гадаад паспорт эсвэл бүртгэлийн системээс зөвшөөрсөн иргэний үнэмлэх
  • Шаардлага хангасан цахим цээж зураг

·        Шалгалтын төлбөр төлөх боломжтой төлбөрийн хэрэгсэл (Alipay эсвэл Wechat)

  • Элсэх сургууль, мэргэжил, шаардлагатай шалгалтын хичээлийн мэдээлэл

·        Ноорог болгон ашиглах зориулалттай самбар болон маркер

Зургийн хэмжээ, формат болон төлбөрийн хэрэгслийн шаардлагыг бүртгэлийн системээс шалгана.

7. CSCA шалгалтад хэрхэн бүртгүүлэх вэ?

Алхам 1. https://www.csca.cn цахим хуудсанд нэвтрэх.

Алхам 2. Өөрийн цахим шуудангийн хаягаар хэрэглэгчийн бүртгэл үүсгэх.

Алхам 3. Хувийн мэдээлэл, бичиг баримт, цээж зургаа оруулах.

Алхам 4. Шалгалтын өдөр, хэлбэр, өгөх хичээл болон шаардлагатай бол шалгалтын хэлийг сонгох.

Алхам 5. Бүртгэлийн мэдээллээ нягталж, шалгалтын төлбөрөө төлөх.

Алхам 6. Бүртгэл баталгаажсан эсэхийг шалгаж, шалгалтын заавар, техникийн шаардлагатай танилцах.

8. Шалгалтын төлбөр

Шалгалтын хичээлийн тоо Төлбөр

1 хичээл 450 юань

2 болон түүнээс дээш хичээл 700 юань

Дээрх нь CSCA шалгалтын албан ёсны төлбөр бөгөөд сургалтын болон зөвлөгөө, үйлчилгээний нэмэлт төлбөр ороогүй болно.

9. Шалгалтын дүн хэзээ гарах вэ?

  • Онлайн болон компьютерын шалгалт: шалгалт өгснөөс хойш ажлын 7 хоногийн дотор.
  • Цаасан шалгалт: шалгалт өгснөөс хойш ажлын 14 хоногийн дотор.

Шалгалтын дүнг CSCA-ийн албан ёсны цахим хуудсанд өөрийн бүртгэлээр нэвтэрч шалгана.

Шалгалтын оноог элсэх сургууль тэтгэлэг болон элсэлтийн бусад баримт бичигтэй хамт үнэлнэ.

10. CSCA шалгалтад хэрхэн бэлтгэх вэ?

Нэгдүгээрт: Элсэх сургууль, мэргэжлээ тодорхойлж, ямар хичээлээр шалгалт өгөх шаардлагатайг нягтлах.

Хоёрдугаарт: CSCA-ийн албан ёсны хичээлийн хөтөлбөр, шалгалтын агуулгатай танилцах.

Гуравдугаарт: Математик, Физик, Хими болон мэргэжлийн Хятад хэлний шаардлагатай сэдвүүдийг системтэй давтах.

Дөрөвдүгээрт: Хугацаатай сорил, жишиг тест ажиллаж, шалгалтын цагийн менежментээ сайжруулах.

Тавдугаарт: Онлайн шалгалт өгөх бол компьютер, интернет холболт болон цахим хяналтын техникийн шаардлагыг урьдчилан шалгах.

Албан ёсны бэлтгэлийн материал, шалгалтын хөтөлбөр:

https://csca.cn/testprep/

11. Түгээмэл асуултууд

CSCA болон HSK шалгалт адилхан уу?

Үгүй. HSK нь Хятад хэлний мэдлэгийн түвшнийг үнэлдэг бол CSCA нь их сургуульд суралцах академик бэлтгэл, мэргэжлийн Хятад хэл болон суурь хичээлийн мэдлэгийг үнэлдэг.

Англи хэлээр суралцах бол CSCA өгөх үү?

Шаардлагатай байж болно. Англи хэлээр бүрэн суралцах оюутан мэргэжлийн Хятад хэлний шалгалтаас чөлөөлөгдөх боловч Математик болон сургуулиас шаардсан бусад хичээлийг өгөх ёстой.

CSCA өгсөн тохиолдолд тэтгэлэгт шууд тэнцэх үү?

Үгүй. CSCA-ийн оноо нь элсэлт, тэтгэлгийн үнэлгээний нэг хэсэг бөгөөд сургуулийн бусад шаардлагыг мөн хангах шаардлагатай.

CSCA шалгалтыг Монгол Улсаас өгөх боломжтой юу?

Гэрээсээ өгөх онлайн шалгалтын хэлбэр байдаг. Гэхдээ тухайн шалгалтын ээлжид Монгол Улсаас оролцох боломж, шалгалтын хэлбэр болон техникийн нөхцөлийг бүртгэлийн системээс баталгаажуулах хэрэгтэй.

Шалгалтад тэнцэх хамгийн бага оноо хэд вэ?

CSCA-ийн бүх сургуульд ижил мөрдөх нэгдсэн босго оноо байхгүй. Их, дээд сургуулиуд өөрсдийн элсэлтийн шаардлагыг тогтооно.

MBG Education Center — ТЭГ-ээс ТЭТГЭЛЭГ-т ТЭНЦэх хүртэл нь …

 

Мэдээлэл шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 12.

Энэхүү мэдээлэл нь нийтлэг танилцуулга бөгөөд шалгалтын тов, бүртгэлийн нөхцөл болон элсэлтийн шаардлага өөрчлөгдөж болно. Эцсийн мэдээллийг CSCA-ийн албан ёсны цахим хуудас болон элсэх сургуулиас баталгаажуулна уу.

Related Posts 相关文章

    CSCA гэж юу вэ?